Namnaa academy mongolian traditional horseback archery ball shooting
#mongolia #archery #horseback #horsebackarchery #training #traditional
Монгол бөмбөг намнаа
Монголчуудын баяр цэнгэл наадмын хүрээнд “бөмбөг намнах” буюу морин дээрээс харвах урлагийн нэгэн төрөл нэлээд сүүлийн үе хүртэл уламжлагдан иржээ. Бөмбөг намнахтай холбоотой хожуу үеийн сурвалж нь 1876 онд Хүрээний сайд бэйсийн тогтоосон “Сур боловсруулах ба жич, бөмбөг намнахад дагаж явах дүрэм” бөгөөд морин дээрээс намнахад “ бөмбөгийг тус бүр 20 нумын зайтай хатгаж шаламгай сайн түшмэл ардыг
сонгон хурдан морь унуулж, өдтэй сумаар харвуулахаар зааж, өдгүй богино мод, муу мориор ор нэр болгохыг хориглож байжээ (Мөнхбаяр 2019: 244). Дэлхий дахинд галт зэвсэг эрчимтэй хөгжиж байх үед нум сум нь цэрэг байлдааны шинж чанараа гээж эхэлсэн. Тийм ч учраас нийт монголчууд дунд яваандаа нум сум харвах намнах нь бууран доройтсон байна. Харин манжууд монголчуудын уг заншлыг хадгалан үлдэх, мөн өөрсдийн харъяат халхчуудаа цэргийн сургуулиалт хийлгэж бэлэн байлгах үүднээс харвах намнахыг энэ мэт нийтийн зугаа цэнгэлийн шинжтэй зүйлд журамлан хуульчилж ор нэр төдий биш, харин бэлтгэл сургуулилт сайтай байлгах үүднээс хууль дүрэм хүртэл гаргаж байсан аж. Богд хаант Монгол улсын Цэргийн яамнаас Дотоод яаманд илгээсэн 1912 онд холбогдох архивын нэгэн баримтанд: “Хэнтий ба Богд хан уулын сүрт жил бүр Түшээт хан, Сэцэн хан хоёр аймаг тутмаас 120, Сайн ноён
хан аймгаас 36, Засагт хан аймгаас 24, Шавиас 24, Хиагт зүгийн суман өртөөдөөс 12 хүн, бүгд 336 хүнийг гаргаж жил бүр нэг сарын хугацаагаар сургууль хийж бөмбөг намнуулах, сур харвуулан эрийн эрдмийг тэнсэн боловсруулж ирэв” гэжээ (Балдандорж нар 1976: 18). Мөн “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт”: “Бөмбөг намнагчдыг шалгахад, 30 нумны газраа 3 бөмбөг байгуулж, морьт хуяг морио гуядан
довтолж гурвантаа харваад, 3 оносныг тэргүүн, 2 оносныг дэд, 1 оносныг гутгаарт болго” гэж тогтоож байсан баримт байна (Намнандорж 1965).
“Монгол харваа намнаа“ Н.Алтанхуяг номноос
Анхдугаар хэвлэл. Улаанбаатар, 2022 он